ЗАСАГ ЗАХИРГАА

ЗАСАГ ЗАХИРГАА

1924 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилхээс өмнө манай сумын газар нутаг нь түшээт хан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяалагдаж явсан боловч, энэ газар нутаг дээр оршин амьдарч ирсэн хүн ам нь Богд хаант монгол улсын засаг захиргааны Их шавь гэдэг нэгжид хамаарч байсан юм. Богд гэгээнтэн болон Халхын тамгатай 13 хутагт нар өөр өөрийн шавь хэмээх нэгэн хэсэг өрх айл, хүн амыг захирч байсан бөгөөд

тэдгээр нь газар нутгийн хувьд өөрсдийн уугуул хошуу нутагтаа амьдран суудаг байв. Өөрөөр хэлбэл Халхын 4 аймгийн хан болон олон хошууны ноёдоос өөрийн захиргааны хүн амаас тодорхой хэсгийг дээрх хутагт нарт шавь болгон өргөх ёс заншил XVII зууны сүүлийн хагсаас эхлэн буй болсон юм. Төр ёсны энэхүү уламжлалын дагуу Дархан чин ван бээр Манзушир хутагтад түүний байнга оршин суух орон хийдийнх нь ойр дөхөм газар нутгийн хэсэг хүн ардыг эрт нэгэн цагт өргөн барьсан нь одоогийн Сэргэлэн сумын уугуул иргэд та бидний өвөг дээдэс ажгуу.Манзушир хутагтын шавь нар Ар, Өвөр хоёр баг болж байсан бөгөөд , тэр нь Авдар уулын ар, өврөөр нутагтайг нь ялган заасан хэрэг юм. Энэ хоёр баг нийлээд Их шавийн Манзуширын отгийг бүрдүүлж байсан бөгөөд төв нь дархан цаазат Богодхан уулын энгэрт орших, Монголын шашин-соёлын нэгэн томоохон төв байсан Манзуширын хийд бөлгөө. Мөн Банбар Эрдэнэ хувилгааны отгийн Үнээ, Цант зэрэг газар манай сумын нутагт хамрагдан үлдсэн бөгөөд, хожуухан Богд гэгээнтний шавь болсон баргын отгийн нутаг бараг бүхэлдээ манай суманд харъяалагдан үлдсэн юм билээ. Эрдэнэ хувилгааны отгийн суурин нь Ламын хүрээ, баргын отгийн хурал номын газар нь Баянчулуутад байсан Баргын дуган бөгөөд бараг жараад оныг гартал эдгээрийн туйр үлдэц нь байсан байна. Манай сумын нутаг дээр Их шавийн ийм 3 отог байжээ.

1915 онд Манзуширын отог нь Зодов зайсан даргатай 163 өрхтэй, 1033 хүнтэй, 496 ламтай, 4229 малтай, баргын отог нь Батмөнх даргатай, 37 өрхтэй, 119 хүнтэй, 1204 толгой малтай байжээ. Энд жасын болон том баячуулын хүн, малын тоо ороогүй дүн юм.Ардын хувьсгал ялсаны дараахан 1923-1924 онд орон нутгийн засаг захиргааг өөрчлөн байгуулахад аймаг, хошуудын нэрийг сольж хошуудын дотор олон сум нэмэн байгуулж, шавийн отгуудын нэрийг нь сольж отог хэвээр нь үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл, Халхын 4 аймаг, Шавь гэсэн засаг захиргааны хуучин 5 нэгжийг хэвээр үлдээж, зөвхөн нэрийг нь сольсон юм.

Жишээ нь 1923 онд Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг гэж нэрлэсэн билээ. Үүнийг төв аймгийн үүсэл гэж үзээд мөн оноос эхлэн тооцдог юм байна. 1924онд Их шавийн хуучин байсан 200 шахам отгийг нэгтгэн цомхотгож, 83 отог, 4 баг болгожээ. ҮҮГЭЭР ХУУЧИН МАНЗУШИРЫН ОТГИЙН АР БАГИЙН БУЮУ БӨХӨГ, ТҮРГЭН, БОГД УУЛ, ЭРДЭНЭ-УУЛЫН ОТОГ ГЭЖ НЭРЛЭЖ, МАНЗУШИРЫН ОТГИЙН ӨВӨР БАГ БУЮУ АВДАРЫН ЭНГЭР, ХӨХБҮРД , ШАРХАЙГААР НУТАГТАЙ ӨРХ АЙЛУУДААР МӨН НЭГЭН ШИНЭ ОТОГ БАЙГУУЛЖ, ШАРХАЙ-ХӨХ БҮРДИЙН ОТОГ ГЭЖ НЭРЛЭЖ, ЭРДЭНЭ ХУВИЛГААНЫ ОТГИЙГ ҮНЭЭ УУЛЫН ОТОГ, БАРГЫН ОТГИЙГ БАЯНЧУЛУУТЫН ОТОГ ГЭЖ НЭРЛЭХ БОЛЖЭЭ. ЭДГЭЭР НЬ ЯАВААНДАА СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ҮНДЭС БОЛСОН УЧРААС СУМЫН ҮҮСЛИЙГ ЭНДЭЭС ЭХЛЭН ТООЛОХ НЬ ЗӨВ ЮМ. ИНГЭХЭЭР МАНАЙ СУМЫН ҮҮСЭЛ НЬ 1924 ОНД ТАВИГДСАН ГЭЖ ҮЗЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.