Хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох хэд хэдэн удаагийн арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа. Энэ удаагийн хяналт шалгалтаар Төв аймгийн цагдаагийн газар, “Онцгой байдлын газар” -уудтай хамтран 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цуглараад байгаа хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, газрын хэвлийг хөндсөн газарт үзлэг, хэмжилт хийхэд 2000м2, 7500м2 хэмжээтэй 2 хэсэг газрын хөрсийг 10-15см зузаантайгаар хуулан авсан байна. Шөнийн цагаар Төв, Дархан уул аймаг, Багануур, Налайх, Багахангай дүүрэг гэх мэт газруудаас 100 орчим тээврийн хэрэгсэл 300 гаруй иргэд цугларч, шороо зөөвөрлөж буй үйл ажиллагааг таслан зогсоож 20 тээврийн хэрэгсэл 34 иргэнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлж ажиллалаа.
Анхааруулга :
Иргэд та бүхэн Сэргэлэн сумын газар нутагт алт ихээр гарч, олборлож байна гэсэн олны ам дамжсан худал мэдээлэл авч эрүүл мэнд, эдийн засаг, цаг заваа алдахгүй байхыг хүсэж байна.