“Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн босгон дээр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Р.Дашдаваа улсын сайн малчны тоог нэгээр нэмлээ. Сайн малчныг алдаршуулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаа энэ сарын 22-ны өдөр
УИХ-ын гишүүн Ц.Туваан , аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян сумын засаг дарга Л.Төмөрчөдөр нар Сэргэлэн сумын 1 дугаар багийн малчин Рэнцэнгийн Дашдаваагийн хотыг зорьж, улсын сайн малчны шагналыг гардуулж өгсөн юм.
Р.Дашдаваа нь 2400 гаруй толгой мал тоолуулж, эцэг өвгөдөөсөө уламжлагдаж ирсэн малч ухааныг залуу хойч үедээ өвлүүлэхэд хичээл зүтгэл гаргаж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, айл саахалт, нутаг ус, сумынхаа малчин түмэнд үлгэр дуурайлал үзүүлснээр улсын сайн малчны болзлыг хангажээ. Түүний аав н.Рэнцэн нутаг усандаа нэртэй сайн малчин байсан бөгөөд аавынхаа малч ухааныг өвлөж ийнхүү удам залгасан улсын сайн малчнаар тодорч байна.
Тэрээр 6 дугаар ангиасаа мал дагаж, 1991 онд өрх тусгаарлан айл гэр болохдоо 300 малтай эцгийн гэрээс тасарч байжээ. 2013 онд сумын сайн малчин, 2015 онд аймгийн сайн малчны болзол хангаж өдгөө 56 настайдаа улсын сайн малчин болж байгаа юм. Голомт залгах 3 хүүтэй бөгөөд отгон хүүгээ багаас нь мал маллах арга ухаанд сургаж, залгамж халаагаа бэлдэж байна гэлээ.