• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Малчдын зөвлөгөөн зохион байгууллаа

Сумын Засаг даргын 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 509 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Малчдыг чадавхжуулах сургалт, малчдын зөвлөгөөнийг 2023 оны 06-р сарын 14-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн, Сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Г.Сүхбаатар, урилгаар аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албаны ахлах агрономч Б.Цоггэрэл, Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар, Монгол Женетик сервис ХХК-ны захирал Б.Баттулга, Мон бийф ХХК-ны үйлдвэр хариуцсан дарга Батцэцэг, ХААИС-ийн МААБС-ийн захирал доктор Д.Гүрбазар, Малын зооноз өвчин судлалын эмч нар болон 250 гаруй малчид оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн чиглэлээр орон нутгаас болон Улс, аймгийн зүгээс баримталж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээ, холбогдох хууль, дүрэм журмын талаарх танилцуулга мэдээлэл хийлээ.

Мөн Эрчимжсэн мал аж ахуйн тухай ойлголт, малын тэжээлийн төрөл ангилал ач холбогдлын талаарх сургалт мэдээллийг өгсөн.

Үхэр болон хонийг хэрхэн бордох арчлах тэжээллэгийн норм, цаашид мал аж ахуйн хөгжлийн чиг хандлага хаашаа хэрхэн явж байгаа талаар туршлага бүхий ААН-ийг урьж мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа.

Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж цаашид анхаарах асуудал.

1. Малчдыг чадавхжуулах сургалтыг жилдээ 2-с доошгүй удаа зохион байгуулах, Улс, аймаг сумаас зохион байгуулж буй сургалтад малчдыг хамруулах

2. Эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа малчид фермерүүдийн сайн туршлагыг судлах, практик дадлага хийх

3. Өсвөр насны үржлийн малыг цөм сүргийн 5-с доошгүй хувьд нутагшуулах тал дээр анхаарах

4. Бэлчээрийн доройтлыг бууруулах мал аж ахуйг эрсдэлээс хамгаалахын тулд малын тэжээлийг ургамлыг тариалах ажлыг цаашид үргэлжлүүлэн дэмжих

5. Малын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мал эмнэлгийн ажлыг сайжруулах, малчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх санал санаачилгууд гарлаа.

2023-06-15 17:25:06