Өнөө цагийн эрдэм ухаан төгс уяачдыг манлайлан тэргүүлэх эрхэм бол Монгол Улсын тод манлай уяач Данзандаржаагийн Онон билээ. Гаргасан амжилтаараа Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн Д.Онон уяач өнөөг хүртэл 40 гаруй түрүү, 80 шахам айраг хүртээд байгаа энэ цагийн шилдэг уяачдын нэг билээ. Энэ удаагийн зочноор түүнтэй ярилцлаа.
Ярилцлагаа таны бага насны дурсамж, нутаг усны чинь талаар эхлүүлмээр байна?
Бололгүй яахав. Нийт уншигчдадаа юуны түрүүнд энэ өдрийн мэнд дэвшүүлж байна. Би Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул иргэн. Хөдөөний хүүхдүүд хэрхэн бага насаа өнгөрүүлдэг. Түүний адил л морь мал дагаж бага нас минь өнгөрсөн. Одоо миний амьдарч байгаа Гавжийн шанд чинь мөн л манай сумын нутаг.
Таныг айлын ганц хүү гэж сонссон. Аавыг тань буян номын хүн байсан гэлцдэг?
Тиймээ. Аав, ээжийн талаас хурдан буян унаж, уяж явсан хүмүүс байсангүй. Хурдан буянд дурлах болсон түүх минь долдугаар ангиас минь эхлэлтэй. Сургуулиа төгсөж мал дээр нэг хэсэг гарсан. Үүний дараагаар цэрэгт явж ирээд мал маллаж хурдан морины үнэнхүү хорхойтон болсон. Ер нь сургуульд сурахаас эхлээд л явган явж үзээгүй хүн. Төв аймгийн урд талд тавдугаар хороо гэж байсан. Тэнд амьдардаг ажаа маань өвөл болохоор морь тэжээчихнэ. Намайг эрхлүүлж байгаа нь тэр. Цэрэгт явтлаа сумынхаа сайн адуучид болох Гомбожав, Дожоо гуай гэх адуучдын адуу малд явна. Ингэж явсаар цэрэгт явсан түүхтэй.
Цэргээс ирээд нэгдлийн суурин адууг 10-аад жил малласан гэх юм билээ?
Тийм ээ. 10 гаруй жил маллаж байтал, хувьчлал ч таарсан. Хуучин цагийн сайн адуучид бүгд манай суманд байлаа. Уяаны эрдэм, уяаны соёлоор манай нутаг, сум чинь бусад аймгаас арай илүү байсан. Тухайн үед чинь сум, аймгийн наадам гэж болдоггүй. Зөвхөн улсын наадамд хурдан хүлгээ сойно.
Таныг Төрийн баяр наадамд олонтоо оролцож, амжилт гаргаж явсныг тань мэднэ. Тэр дундаа 1989 оны баяр наадам хамгийн ихээр сэтгэлийг тань догдлуулж байсан гэдэг?
Миний том хүү О.Батбилэг маань уясан морийг минь унаж улсын баяр наадамд аман хүзүүдсэн юм. Шинэхэн уяачид баяр наадмын түрүү хүртэх эхлэх минь байсан бол эцэг хүний хувьд хүү минь барианы зурхайд орж ирж байгаа дүр зураг сэтгэлээс гардаггүй юм.
Хүү тань хэдэн наснаасаа хурдны морь унаж эхэлсэн юм бэ?
Таван наснаасаа л хурдан буян унаж эхэлсэн. Нэгдлийн ажил гээд би завгүй. Нэг өдөр агт ялгаад сууж байтал дунд сунгаан болдог юм байна. Хашааны хойгуур морьд давхилаа. Тэгсэн манай хүү “Ааваа би уралдмаар байна” гээд болдоггүй. Тэгэхээр нь Сугар дүүдээ “Дүүгээ эргүүлж өгөөд, тоос багсахаар нь тавьж өгчихөөд хүрээд ир” гээд явууллаа. Миний ч санаа зовоод араас нь мотоцикльтэй давхиад очтол гараанаас гарчихаж. Араас нь дагатал ерөөсөө уралддаггүй морь маань сунгааны морьдыг гүйцээд түрүүлж байна. Ингэж л унаач хүү болж, одоо надтай хамт морь мал уях ажилд шамдсаар яваа. Сайн уяач болно гэж итгэдэг юм.
Танд бас алдарт халтар морь бий. Хэдэн онд улсад аман хүзүүдсэн юм бэ?
1988 онд аваад, 1989 оны наадмаар анхны уяандаа аман хүзүүдэж байсан. Халзан морь одоо ч амьд. Хөдөө Дорнодод тэжээгээд байгаа. Хөгшрөөд их зөнөсөн.
Хээр морийг хэдэн онд худалдаж авсан юм бэ?
Сүүлд 1997 онд авсан. Манай дүү л авч ирсэн адуу. Тэрнээс өмнө саарал азарга, өөрийн угшлын олон адуу наадамд сойж байсан. Эрчимтэй морь уяж эхэлсэн нь 1989 он.
Өөрийн адуугаар хэчнээн түрүү хүртэв?
10-аад түрүү, 30 шахам айраг хүртсэн. Хүмүүсийн уяулсан хурдан буянтай тооцвол 40-өөд түрүү 80 шахуу айраг хүртсэн байна.
Таныг баяр наадамд өнгөлөх морьдыг хамгийн сайн шинждэг гэлцдэг. Жишээ нь, 1995 оны баяр наадам. Батчулуун уяачийн хээр морийг түрүүлнэ хэмээн шинжсэн?
Тэр үед залуу ч байж. Би ч шинжсэн юм биш. Судар номд ч байдаг. Тагнай нь араасаа хөөж ирээд хөхрөөд мэнгэ гарвал эхний тэргүүнд ирнэ гэж. Даш гуай саарал азаргатайгаа улсын наадамд ирсэн үе. Батчулууны хээрийг үзтэл хөхрөөд нэг л тагнай үлдсэн байсан. Миний халзан морь болохоор гурван тагнай дутуу байсан. Тэгэхээр нь “Чиний халзан морь түрүүлэх нь тодорхой. Минийх таван адуугаар дутуу орж ирэх байх” гээд хэлчихлээ.
Таных зургаагаар давхисан?
/Инээв/ Тиймээ. Өмнө нь саарал азарга айрагдсан байсан учир нэг их тоогоогүй өнгөрсөн. Уг нь бараг л айрагдсан юм. Тэгээд морь малны хэрүүл хийгээд яахав гээд л орхиж байсан. Сүүлд бичлэг харахаар халзан морь хошуу өлгөөд орж ирж байгаа харагддаг л юм.
Шинжих гэснийх таныг тэнгэрийн өнгөөр түрүүлэх морьдыг маш сайн шинждэг гэдэг?
Нар гарахаас үүр цайх хоёрын дундуур тэнгэрийн өнгийг шинждэг юм. Бараан үүлтэй байвал бараан морь өнгөлөх жишээний. Нартай жаахан халуун өдөр байвал цайвар зүсмийн морь өнгөлөх магадлалтай.
Таны хээр морь шиг хурдан, Монгол адуу ойрын жилүүдэд төрөх болов уу?
Хээр морь Их хурдад түрүүлээд, Улсад түрүүлж өнгөлөг байсан. Ховорхон заяасан буян. Ийм морь ойрын хугацаанд төрнө гэдэг худлаа байх.
Үржлээр гаргаж авбал?
Зоо малын үржлээр гаргаж авбал болох л байх. Манай үржил чинь тийм биш. Цусыг нь холтгож байна гээд өөр өөр адуутай сэлгээд явчихна. Хурдан хэвшил рүү буцаад оруулдаггүй. Монгол адуу цус холдох тусам догшин, ороо болдог.
Таныг энэ цагийн шилдэг уяач, шинжээч гэвэл онох уу?
Шинждэг хүмүүс олон бий. Өөрийгөө тэгэж хэлэхгүй. Ямар ч байсан унах морио шинжээд л уначихна. /Инээв/
Та хурдан буян гэдэг сэтгэлийнх гэж байсан. Энэ ямар учиртай үг юм бэ?
Үндсэндээ дух магнай өргөн, хамрын савхан яс өргөнтэй, хошуу урт, нүд зовхи нь зузаан байж агуу сэтгэлтэй байдаг.
Тархи толгой нь урт байна. Тэрнийхээ хэмжээгээр дал нь урт...?
Тэр хэмжээгээрээ уушиг сайн. Дээр нь сэтгэл нь нэмэгдэхээр хурдан давхиж байгаа юм. Хурдан буяны хамгийн сайн чанар энэ.
Сайн цээж муу бөгсийг чирнэ гэдэг шиг үү?
Тийм ээ. Гэхдээ бүх юм нь тэнцүү адуу гэж тэр бүр ховор.
Түрүүлэх адуу уяан дээрээ унтаж байдаг гэлцдэг. Энэ ямар учиртай юм бэ?
Сэтгэл нь тогтчихсон. Уяа нь ханачихсан адууг л хэлээд байгаа юм. Зөв уяатай аятайхан адуу дөрвөн хөл дээрээ гүйцэд зогсоод л унтаж байна. Сайн адуу нь тийм байгаа. Тэр хэмжээндээ л давхина. Тэрнээс тийм адуу болгон түрүүлээд байхгүй шүү дээ.
Сүүлийн үед адууг их жижгэрч байна гэх юм?
Тийм ээ. Дээхин үед морины хөл авна. Доголно гэсэн юм байдаггүй байсан. Одоо бол хуучин цагийн уяагаар уявал арай гэж л бариандаа давхиж ирэх байх. Нэг үгээр дээхин үед хөлийг хурдгүй болгож одоо бол хурдтай болгож уядаг болоод байгаа.
Дээхин үе гэснийх асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хурдан буяны бай шагналыг өндөр хэмжээгээр таныг тогтоож өгсөн гэх юм билээ?
Пунцагбалжир, Аюуш нартай нийлж 1995 онд нутагтаа цагаан сарын уралдааныг зохион байгуулсан. Түрүүлсэн моринд мотоцикль өгч байсан. Бөхчүүдийн барилдааныг хараад байхад тухайн үедээ бай өндөр. Хивс, зурагт гэх мэт зүйлээр бөхчүүд нь шагнуулна. Харин мориныхон болохоор хайрцаг тамхи зэргээр шагнуулдаг. Энэ харьцангуй шагналыг өөрчлөх гэж өндөр байтай уралдааныг зохион байгуулсан юм. Амжилттай ч болсон. Бөхчүүдийг бодсон ч илүү хөдөлмөр гарч байдаг. Тиймээс л шагнал байг өөрчлөх болсон.
Азарганы бооцоот уралдааныг зохион байгуулсан гэсэн?
Булганы Даваа гэж хүн бий. Уяачид андахгүй мэднэ. Тухайн үед гадаад харилцааны хэдэн адууг бид маллана. Тэгээд ярьж байгаад Их хангай уулын хөндийд өндөр бооцоот уралдаан зохион байгуулсан. Сар шинийн өндөр байт уралдааны эхлэл нь энэ байсан. Энэ цаг үеэс л шагналын бай өндөрсөж, уяачид хөдөлмөрөө үнэлүүлэх болсон.
Уяачдад сайн унаач хүүхэд хэрэгтэй?
Унаач, уяач, морь гурвын хор адил байж наадамд өнгөлнө. Гэхдээ нэн түрүүнд хүүхэд, морь минь эсэн мэнд ирээсэй л гэж залбирдаг. Тэрнээс энэ наадамд түрүүлэх юмсан, айрагдчих юмсан гэсэн улайрсан бодол байдаггүй. Сүүлийн үед олон жил морь малтай зууралдахаар морь дагаж ч чадах аа байдаг юм байна.
Эхнэрийн тань ярианаас та хоёрыг унаач хүүхдүүдээ том болоход нь хуримыг нь хүртэл хийж өгдөг гэж дууллаа?
Бид хоёр дээр өсөж, хурдан буян унаж өссөн олон унаач хүүхэд байсан. Тэднийгээ өөрийн үр хүүхэд шиг л санадаг. Томроод ирэхээр нь гэр барааг нь барьж өгнө. Өөрийн хүүхдүүд шиг л хурим найрыг нь хариуцаж хийж өгдөг.
Таны эхнэр морь мал уях ажил хэр баргийн хүн хийгээд байхгүй ачаалалтай гэж ярьж байсан?
Тийм ээ. Зүрх ч муудаад байх шиг санагддаг юм. Одоо хүн амьтны адуу малтай зууралдаж байхаар дан өөрийнхөө адуутай ажиллая гэсэн бодол байна. Сэтгэлд, биед ч амар.
Шавь нар тань ажлыг тань хөнгөлж өгдөг байлгүй дээ. Тод манлайгаас эхлээд, Монгол Улсын манлай олон уяач байна?
Тусална аа. Надтай цуг олон жил хурдан буян уясан сайн уяачид олон бий. Дуламсүрэн, Батсүх нараас эхлээд л.
Монгол Улсын даян аварга Сүхбатын ах Батсүх энэ цагийн шилдэг уяачдын нэг. Багшийн хувьд шавьдаа үнэлгээ өгөөч?
Хурдан буяныг залуу хүн гэхэд сайн шинжинэ. Өөрөө адуунд дуртай, хайрлаж чаддаг сэтгэлтэй хүн. Цаашдаа ч олон наадмын түрүү хүртэнэ гэж боддог юм. Ер нь Агваансамдан гуайн гэр бүлийнхэн их хийморьлог хүмүүс. Хийсэн ажилдаа сэтгэл зүрхээ гаргаж чаддаг нь амжилтад хөтөлдөг байх.
/Зоримог шийдэмгий зан, нарийн ухаан нь Монгол Улсын тод манлай уяач Данзандаржаагийн Ононг өнөөдрийн энэ алдрын оргилд хүргэсэн гэмээр. Яриад бичээд байвал дуусахгүй их түүхтэй алдарт уяачийн энгүйн яриаг энэ хүрээд өндөрлөе. Энэ жилийн баяр наадмаар түүний уясан хүлэг түмний эх түрүүгээр тодорсон үед уншигч түмэнтэйгээ эргэн уулзуулах болно оо